Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай

Үл хөдлөх эд хөрөнгө гэдэгт газартай салшгүй бэхлэгдсэн, газраас салгамагц уг эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж үл болох, шинж чанар нь алдагдах газар, барилга байшин, ургамал тарьц г.м хамаарна.

 

Үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн талаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулдаг ба уг хуульд зааснаар газраас салгаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг мөн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрх буюу барьцаа, түрээс, сервитут, узуфрукт, бусдын газар дээр барилга байгууламж барих эрх, газар эзэмших ашиглах эрх зэргийг бүртгэхээр заасан байна.

 

Үл хөдлөх хөрөнгийг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэрэг өмчлөгчөөс бусад этгээдэд шилжүүлэхтэй холбоотой бүхий л харилцааг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг холбогдох хуулиудад тусгасан байдаг ба бүртгүүлээгүй тохиолдолд бүхий л харилцааг хүчин төгөлдөр бус гэж үздэг онцлогтой.
Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагааг Газрын харилцаа геодези зураг зүйн газрын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар эрхэлнэ.